Дадлагажигч оюутны сэтгэгдэл
Төгсөх дамжааны оюутнуудын хувьд ирээдүйн карьер төлөвлөлтөө оновчтой хийхэд дадлагажих байгууллага, дадлагын хугацаа чухал нөлөөтэй байдаг. Грийн Гэйт Интернэйшнл ХХК нь төгсөгчдийн дадлагын хугацааг чанартай байх тал дээр анхаарал хандуулан оюутныг хариуцсан мэргэжилтэн хоорондын харилцаа холбоо болон сурч мэдэх боломж, орчин нөхцөлөөр хангаж илүү нээлттэй байхыг чухалчлан ажиллаж байна
ЭЗШУИС 5 дугаар дамжааны оюутан Амарсайханы Ананд
Анх орж ирэхэд төсөөлснөөс шал өөр ажлын орчин угтаж авсан. Үнэхээр ажилтнуудынхаа ажиллах орчинд нэн тэргүүнд анхаардаг нь мэдрэгдсэн. Ажлын орчны хамгийн их таалагдсан хэсгээс дурдвал: зураг авалтын студи, утсаар ярих бүхээг, унтаж амрах хэсэг мөн сандал нь хүртэл хэвтэж болдог гээд л маш тав тухтай мэдрэмж төрсөн. Ажилчид нь өглөө 07:00-10:00 цагийн хооронд хүссэн цагтаа ирээд 16:00-19:00 цагт ажлаа дуусгах боломжтой уян хатан цагийн систем нь маш их таалагдсан. Ажлын цагийн уян хатан системтэй болохоор надад хоцрох, цаг алдах гэх асуудал үүсэхгүй их амар байсан.
Өргөн хэрэглээний брэнд бүтээгдэхүүний хариуцсан менежерүүдтэй дадлагын хугацаанд хамтран ажиллахдаа маркетингийн үндсэн ойлголт, брэндийн маркетинг хэрхэн хийгддэг, хүмүүсийн хоорондын харилцаа хандлага нь ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ гээд маш сайн ойлгож, өөр бусад олон шинэ зүйлс сурч суралцсан цаг хугацаа өнгөрлөө. Мөн дадлагын удирдамжаасаа гадна хувь хүний хөгжлийнхөө хүрээнд хэвлэлийн дизайн загварыг хэрхэн гаргах, хувь хүний хөгжил ажлын байранд ямар чухал болохыг хариуцлагатайгаар сурч мэдсэн.
ЭЗШУИС 5 дугаар дамжааны оюутан Эрдэнэбаатарын Бадрах
Миний хувьд эм зүйн чиглэлээр суралцдаг бөгөөд төгсөх курс-д манай тэнхимд “Зах зээл” гэдэг хичээл судалдаг юм. Хичээлийн хүрээнд бизнес болон маркетингийн талаар ойлголттой болоод энэ чиглэлээр илүү их зүйл сурч мэдэх хүсэл сонирхолтой болсны дагуу Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийг сонгосон.
Дадлагын эхний өдөр лифтээр гарч ирээд ‘ямар цэлгэр, тухтай гоё орчин бэ’ гэсэн сэтгэгдэл хамгийн эхэнд төрсөн. Би их үг дуу цөөтэй, хүмүүстэй харилцах тал дээрээ илүү нээлттэй байхыг хүсдэг хэдий ч яг тийм байж чаддаггүй. Дадлагын хугацаанд маркетингийн албаны Эмчилгээний гоо сайхан хариуцсан багтай хамтран ажилласан. Манай багийн ажилтнууд хоорондын харилцаа нээлттэй, чөлөөтэй үргэлж дэмжиж тусалж ажилладаг байсан. Багийнхан маань надад итгэл хүлээлгээд өгсөн үүрэг даалгавар өгч, түүнийгээ цаг тухайд нь хариуцлага алдахгүй хийхийг хичээж ажиллах хугацаандаа өөрийнхөө шинэ талуудыг нээж, өөртэйгөө дахин танилцсан цаг хугацаа байлаа. Ажлын байрны тав тухтай орчин, хамт олны уур амьсгал хоорондоо нягт уялдаатай юм шиг санагдсан. Ийм учраас GGI-н оффис дотор хүүхэд асаргаа, амралт хоолны хэсэг мөн утсаар ярих бүхээг хүртэл байдаг нь маш сонирхолтой бас гоё санагдсан.
ЭЗШУИС 5 дугаар дамжааны оюутан Баатарын Энхбаяр
Их сургуулиа төгсөх үе дөхөөд дадлага хийх байгууллагаа судалж эхлэхэд сургуулийн багш нар болон төгсөгчдөөс Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн ажлын орчны тав тух, залуу, эрч хүчтэй хамт олонтой гэсэн яриаг цөөнгүй сонсож байсан. Миний хувьд маркетингийн чиглэлээр сурч мэдэх сонирхолтой бөгөөд өөрийнхөө хүслээ дагаад бизнес, маркетингийн компанийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, суралцах зорилгоор GGI-г дадлагын объект болгон сонгосон.
Анх орж ирэхэд угталтын хэсгийн усан оргилуур нь миний анхаарлыг маш их татсан мөн оффис нь яг л гэр шиг тухтай мэдрэмж төрүүлсэн. Ажилтнуудын энгийн хэрэгцээгээ хангахад шаардлагатай гал тогоо, унтаж амрах хэсэг, хүлээлгийн өрөө, утасны бүхээг, хүүхэдтэй ажиллах боломжоор ажилтнуудаа хангасан байгаа нь маш их таалагдсан.
Дадлагын хугацаандаа Брэнд хариуцсан мэргэжилтнээс өдөр тутмынхаа зааварчилгааны авч эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүний талаар судалж, судалгаандаа дүн шинжилгээ хийх гэх мэт маш их зүйлсийг сурч цаг хугацаа байлаа. Isispharma брэндийг хариуцсан багтай хамтран ажиллахдаа эмийн сан, худалдааны төвүүдийн визит, өрөлт хураалт, маркетингийн /Эвент/ арга хэмжээний зохион байгуулалт хэрхэн хийгддэг, баг бүрэлдэхүүнд томилогдон ямар их ажлыг хийж, 1-2 өдрийн маркетингийн эвент зохион байгуулагддаг, багийн хамтын ажиллагаа, зохион байгуулалтын үр дүн ямар чухал вэ гэдгийг мэдэрсэн, гайхсан, өөрөөрөө бахархсан мөчүүд байлаа. Тиймээс оюутнууддаа үнэхээр маркетингийн чиглэлээр суралцмаар мөн ажилламаар байгаа бол GGI-г сонгоорой гэж хэлмээр байна. Хамт олон нь найрсаг, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг болохоор миний мэдэхгүй зүйлсэд туслахдаа тэд төвөгшөөхгүй, харин ч мэдээлэл солилцож мэргэжил болон хувь хүний ур чадвараа сайжруулахад маш их тусалсан.